Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хүйтний улиралд гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх журмыг баталж, дагаж мөрдөхөөр болсон. Үүндээ Засгийн газраас 3,5 тэрбум төгрөг зарцуулна гэдгээ ч мэдэгдсэн. Дээрх тогтоолд зааснаар
- Гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт ахуйн зориулалтаар хэрэглэсэн цахилгааны үнийг 100 хувиар бууруулах
-Хөнгөлөлтөд хамрагдах хугацааг оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл тооцох
-Хөнгөлөлтөд хамрагдах айл өрхүүд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өргүй байх
-Хэрэглэгч нь стандартын шаардлага хангасан баталгаажсан шөнийн тарифт электрон тоолууртай байх зэргийг зохицуулжээ. Тогтоолыг ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс дагаж мөрдөх бөгөөд нийслэлийн гэр хорооллын 146 мянган хэрэглэгч хамрагдах аж. Харин үүний цаана нэг том асуулт бий.
Ийнхүү шөнийн тарифыг тэглэснээрээ утаа багасах уу? Хэрэв багасах бол яг хэдий орчим хувиар буурах вэ? Энэ бүх асуултад одоогоор харьяа яам, тамгын газар, албаны хүмүүс албан ёсны хариулт өгөөгүй л байна. Тэгэхээр үүнийг энгийн байдлаас харах гээд үзий. Улаанбаатар хотын гэр хороололын айл өрхүүдийн хичнээн нь зуухтай вэ? Энэ нь халаалтаа нүүрс түлж, утаа гаргаж шийддэг вэ гэсэн асуулт. Харин үүнд бараг л зуун хувь бүгд утаа гаргадаг т асуудал байгаа юм. Нэгэнт мөнгө төлж худалдаж авсан нүүрсээрээ дулаанаа хангаж байгаа айл өрхүүд шөнийн цагт цахилгаан хэрэглэнэ гэж бараг л байхгүй. Тэгээд ч цахилгаанаараа дулаанаа шийдсэн айлуудын эзлэх хувь маш өчүүхэн гарна. Тэгэхээр шөнийн тарифыг тэгэж байгаа нь ээлжит нэгэн мунхруулал, элэглэл болхоос яг утааг тодорхой хувиар бууруулна гэсэн дүн шинжилгээ, судалгаа зүйл биш нь ойлгомжтой. Ер нь цахилгаанаар дулаанаа шийддэг байлаа ч гэсэн унтаж байх үедээ гэрээ дулаацуулчихаад, өдөр нь хэмнэдэг гэсэн ойлголт манай дарга нарт л байдаг бололтой. Тэгэхээр татвар төлөгчдийн халааснаас ээлжит аргаараа 3,5 тэрбумыг суйлж байна л гэж ойлгогдож байна.
Эс бөгөөс шөнийн цахилгааны тарифыг тэглэснээр төд орчим хувиар утаа буурна гээд ард түмэндээ хэлээд өгөөч, дарга нар аа.
СЭТГЭГДЭЛ