
Говь-Алтай аймгийн хэмжээнд 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй нийт 198 хүүхэд байна. Тэдний 121 нь эрэгтэй, 77 нь эмэгтэй байгаа бол 174 нь нийгмийн халамжийн сангаас асаргаа авдаг тухай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас танилцуулав.
Өвчний төрлөөр нь авч үзвэл, харааны бэрхшээлтэй 12, сонсгол 11, хэл яриа 12, хөдөлгөөн 57, сэтгэц 26, хавсарсан бэрхшээлтэй 80 хүүхэд байдаг аж. Эдгээр хүүхдүүдийн 16 нь СӨБ буюу цэцэрлэгт хамрагдаж байгаа бол Ерөнхий боловсролын сургуульд 111, тусгай сургууль, цэцэрлэгт 5 нь сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаанд хамрагддаг байна. Харин 0-3 насны 17 хүүхэд, хүнд өвчтэй гэрийн асаргаанд байдаг 49 хүүхэд байна.
Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс ажилладаг. Тус комисс нь тухайн нутаг дэвсгэр дэх 16 хүртэлх насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах асуудлыг шийдвэрлэн, боловсрол, эрүүл мэнд, сэргээн засалтын үйлчилгээнд холбон зуучлах үйл ажиллагаа явуулдаг ажээ. Говь-Алтай аймгийн салбар комисс нь 7 гишүүнтэй бөгөөд сар бүрийн 10, 25-нд тогтмол хуралддаг тухай мөн мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ