
Аравдугаар хорооллоос "Сүлжмэлийн үйлдвэр" хүртэлх дулааны шугам засварыг есдүгээр сарын 15-ны дотор дуусгана.
Энэ талаар Улаанбаатар хотын ЗАА-ны дарга Т.Гантөмөр өнөөдөр нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлэхдээ, “Дулааны шугам шинэчлэл үргэлжилж байна. Хил дээр саатсан шугам хоолойг үе шаттайгаар татан авч байгаа. Үлдсэн хоолойг шуурхай татан авахаар холбогдох албаныхантай хамтран ажиллаж байна. Ингэснээр ирэх сарын 15-ны дотор засвар дуусаж, иргэдийг халуун усаар хангах боломж бүрдэнэ” хэмээв.
Хурлын төгсгөлд Хотын дарга Д.Сумъяабазар “хариуцлагын гэрээ” байгуулсан аж ахуй нэгжүүдийг хянах, дархлаажуулалт хийж буй байршлуудыг тодорхой болгож, нийтэд тогтмол мэдээлж байхыг зөвлөөд, өвөлжилтийн бэлтгэл, хичээл сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан хурдан морь уралдуулах, бөх барилдуулах зэрэг халдварын эрсдэлтэй, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахгүйг бүх шатны байгууллагад анхаарууллаа.
Түүнчлэн, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын нөөцийг нэмэх, хичээл сургалтын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах бэлтгэлээ сайтар хангахыг НБГ, дүүргийн Засаг дарга нарт даалгажээ
СЭТГЭГДЭЛ