
Улаанбаатар-Бээжин-Москва чиглэлийн гал тэргээр зорчиж ирсэн хятад иргэдийн нэг нь коронавирусын халдвараар өвчилсөн тул БНХАУ-ын Эрээн хотод тусгаарлаад байна. Түүнтэй хамт зорчсон Монгол Улсын нэг иргэнийг ХӨСҮТ-д урьдчилан сэргийлэх үүднээс тусгаарласан тухай эх сурвалж мэдээлсэн.
Яг өнөөдрийн байдлаар Улаанбаатар-Бээжин-Москва чиглэлийн галт тэргээр зорчиж ирсэн 16 хүнийг ХӨСҮТ-д үзлэг шинжилгээнд хамруулахад ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй тул гэр рүү буцаажээ. Түүнчлэн өчигдөр Зам-Үүд Эрээний чиглэлийн суудлын автобусаар зорчиж ирсэн Өвөрмонголын хоёр иргэний нэг нь өндөр халуурсан тул манай талаас үзлэг шинжилгээнд хамруулж нутаг буцаасан, шинжилгээний хариу нь өнөөдөр гарах юм.
Манай улстай хил залгаа БНХАУ-ын хувьд голомтын бүс нутгууддаа зорчих хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа. Тухайлбал өчигдрөөс Хэбэй мужийн Хуанганг хотын нийтийн тээвэр, олон нийтийн үзвэр үйлчилгээний газруудыг түр хугацаагаар хааж хот руу орох, гарах гарцуудад хүн бүрийг шалгаж биеийн халууны үзлэг хийж байгаа аж. Тус хот нь У хан хотоос зүүн тийш 90км зайд байрладаг юм.
Түүнчлэн өчигдөр орой Хэбэй мужийн Чиби хотын нийтийн тээвэр болон хот хоорондын тээврийг түр хугацаагаар зогсоох шийдвэрийг эрх баригчид гаргалаа. Уг хот нь У хан хотоос урд зүгт 120км-т байрладаг, 530,000 сая хүн амтай юм байна.
БНХАУ-д дэгдээд буй шинэ төрлийн коронавирусийн тархалттай холбогдуулан Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын тусгай хороо хуралдаж олон улсын хэмжээнд онц байдал зарлахад эрт байна гэж үзлээ. Хятад улсын хувьд онц байдал ч дэлхийн эрүүл мэндэд ноцтой аюул дагуулах хэмжээнд хүрээгүй гэж ДЭМБ-аас үзсэн байна. Мөн шинэ коронавирусийн аюулын түвшнийг үнэлж тогтоохоо мэдэгджээ.
Өнөөдрийн байдлаар “2019-nCoV” коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаагаар өвчилсөн хүний тоо 830 болжээ. Нас барсан хүний тоо 18 гэж Хятадын эрх баригчид мэдээлж байна.
СЭТГЭГДЭЛ