
Сэлэнгэ нутгийн үзэсгэлэнт газруудын нэг байгалийн сайхан бүрдсэн түүхэн домогт “Буур хээр”-ийн талд аймгийн Засаг дарга Ш.Оргилын санаачилгаар "Буур хээрийн тойром" анхдугаар шагайн наадам боллоо.
Аймгийн даргын зүгээс дэлхийн биет бус өвд бүртгэгдсэн, үндэсний спортын нэгэн төрөл шагайн харвааны өв соёлыг хойч үе хүүхэд залуучууддаа түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээж хөгжүүлэх бодлогоор энэхүү наадмыг зохион байгуулжээ.
Наадмын нээлтийн үеэр аймгийн Засаг дарга Ш.Оргил Сүхбаатар сумын харъяат Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Х.Баатаржав, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Д.Пүрэв, Монгол Улсын мэргэн Х.Баяраа, Ахмад харваач Б.Маруш, Баянгол сумын харъяат Монгол Улсын Харьшгүй мэргэн А.Доржсүрэн, Орхонтуул сумын ахмад харваач Б.Лхагвасүрэн, Алтанбулаг сумын ахмад харваач н.Жаргалсайхан, Сүхбаатар сумын ахмад харваач Б.Батбилэг, Монгол Улсын хошой мэргэн Б.Баярхүү, Монгол Улсын хошой мэргэн Н.Энхтөр, Ахмад харваач Л.Толя, Сайхан сумын харъяат Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Б.Ууганбаатар, Мандал сумын харъяат Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер П.Батдэлгэр, Сайхан сумын харъяат Монгол Улсын Гарамгай мэргэн А.Энхбаяр, Мандал сумын харъяат Монгол Улсын хошой мэргэн Г.Амарбаясгалан нарын ахмад болон залуу харваачдад хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа.
Сэлэнгэ аймгийн харваачид Улсын аварга, Үндэсний их баяр наадам, Үндэсний спортын их наадмуудаас 13 түрүү авсан бахдам амжилтыг үзүүлээд байгаа аж.
Шагайн харваачид олон зууны туршид өөр өөрсдийн нутаг усаар овоглосон “Тойром” хэмээх наадмыг зохион байгуулан хуран цугласаар ирсэн түүхтэй юм. Энэхүү анхдугаар наадамд Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Булган, Төв, Дорноговь зэрэг аймгуудын 28 багийн 200 гаруй харваач хүрэлцэн ирж хоёр өдрийн турш оноч мэргэнээ сорилоо.
Тойрмын үеэр элдэв хүндлэлгүй хэл яриа, архи дарсыг цээрлэдэг уламжлалтай хэмээн ахмад харваачид ярьж байлаа. Харваачид ахас дээдсээ хүндлэх, ах дүүсийн барилдлагатай болох, уул усаа баясгах гээд олон сайхан чанаруудыг энэхүү спортоосоо суралцан үе дамжуулан сургасаар явна.
Ч.Отгонцэцэг
СЭТГЭГДЭЛ