
БСШУСЯ, ЭМЯ, Монголын эрүүл мэндийн үүсгэл/MHI/ ХХК байгууллагууд хамтран 2015-2016 оны хичээлийн жилээс 2019 оныг дуустал “Сүрьеэ өвчинг Д витамины нөлөөгөөр урьдчилан сэргийлэх нь” эм эмнэлзүйн туршилт, судалгааны төсөлд 15 сургуулийн 1-6-р ангийн 8214 хүүхдийг хамарсан судалгааг явуулж байгаан байна. Тэгвэл дээрх судалгааг хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн, үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлөх үйл ажиллагаа буюу “Биологийн туршилт” гэж үзэн “Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл” ТББ-ын тэргүүн Б.Алтанжолоо, дэд тэргүүн Ц. Эрдэнэбаатар болон эцэг эхийн төлөөлөл сэтгүүлчдэд мэдэгдэл хийлээ.
Энэ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй эм эмнэлзүйн биологийн туршилтыг ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад хийж байна. 2017 онд уг төсөлд хамрагдсан хүүхдийн биед сөрөг үр дагавар илэрсэн гомдолын дагуу дээрх асуудлыг хөндөх эх үүсвэр болсон хэмээгээд манай байгууллагаас хүүхэд хамгааллын хуулийг хэрэгжүүлэх үүрэг бүхий газруудад асуулга албан тоот явуулж яаралтай арга хэмжээ авахыг шаардсан боловч тоймтой хариу өгөөгүй байна гэлээ.
Тус судалгааны зөвшөөрлийг 2015 оны 4-р сарын 3-ны өдрийн Монгол улсын боловсрол соёл шинжлэх ухааны сайдын А/110 тоот тушаалын дагуу “Монгол хүүхдэд Д амин дэм ба квантинфрон тодорхойлох төсөл” хэмээх 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан 2015-2019 онд багтаан хэрэгжүүлэхийг Д. Ганмаа/Харвардын НЭМ сургууль/-д зөвшөөрсөн тогтоол гарсан юм байна.
Өнөөдөр хийсэн энэхүү мэдэгдэлд судалгаа хийж байгаа нэрийн доор туршилт хийж байгаа энэ үйл ажиллагааг яаралтай таслан зогсоох хэрэгтэй. Монголын хилээр яагаад ямарч хяналтгүй ийм зүйлсийг оруулж ирээд байна вэ? Эм эмнэл зүй туршилтыг олон улсад хүлээн зөвшөөрөгдөх эсэх талаарх зөвхөн насанд хүрсэн эрүүл хийдэг хийдэг бол харин манайд хяналт байхгүй байна гэлээ.
“Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөлийн дэд тэргүүн Ц.Эрхэмбаатар “Анх “Монголын Эрүүл мэндийн үүсгэл” ХХК нь 10 мянган хүүхдэд судалгаа хийсэн. Үүнийгээ сүрьеэгийн далд хэлбэрийн тархалтыг судлах судалгаа гэж нэрлэсэн байсан. Энэ хүрээнд 1-5 дугаар ангийн хүүхдүүдээс цусны шинжилгээ хүртэл авсан байдаг юм билээ. Шинжилгээгээр эрүүл гарсан хүүхдүүдэд энэ Д витамин гэх энэ зүйлийг шахаж уулгасан байдаг. Манай эгчийн хүүхэд энэ вакцинд хамрагдан туршилтад орж хохирогч болсон. Биед нь сөрөг нөлөө үзүүлж, өөрчлөлт оруулсан тухай мэдээллийг хүргэж гэсэн юм. Туршилтад орохоос өмнө манай дүү цоо эрүүл хүүхэд байсан. Гэтэл туршилтад хамрагдсаны дараагаас эхлэн уушги нь байнга өвддөг, нүд нь ойр ойрхон анивчдаг, бие бялдар нь үлбэгэр, сулбагар болчихсон. Энэ туршилтыг долоо хоногийн пүрэв гараг бүр хийдэг. Ядарч байна уу, сульдаж байна уу гэх мэтээр байнга асуудаг гэсэн” хэмээн мэдэгдлээ.
Тэгвэл тус судалгааг хэрэгжүүлэгч Харвардын Анагаах Ухааны Их Сургууль, Харвардын Нийгмийн Эрүүл мэндийн Их Сургуулийн багш, дэд профессор Д. Ганмаа iKon.mn сайтад өгсөн нэгэн ярилцлагадаа: “Судалгааны санаа нь бусдын судалгааны ажлын санааг хуулбарласан эсвэл давтагдсан байна уу, судалгааны ажлын үр дүн, ач холбогдол нь тухайн салбарт болон дэлхийн түвшинд нөлөөлөхүйц ач холбогдолтой эсэхийг харгалзан үзэхээс гадна эдгээр судалгааг хэрэгжүүлэх хүчин чадал, судалгаа явуулахад шаардлагатай дэд бүтэц, хамтарсан багийн гишүүдийн чадавх, ажлын туршлага мэдлэг хүрэлцэх эсэх, үүндээ таарсан санхүүжилтийг төсөвлөж амьдралд хэрэгжүүлж болох эсэхийг нягтлан судалгааны ёс зүй, ёс суртахуун, аюулгүй байдал, тухайн судалгааг явуулж буй газар нутгийн улс төрийн болон амьжиргааны тогтвортой байдал зэргийг цогцоор нь авч үзэж судалгааг эхлүүлдэг” гэсэн ярилцлагыг өгч байжээ.
СЭТГЭГДЭЛ