
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Б.Наранхүү нарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлаар цэцэд хандахаар болсон талаараа өнөөдөр О.Алтангэрэл, Д.Миеэгомбо нарын хуульчид сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд хуульч О.Алтангэрэл “Сүүлийн үед манай хуульчид Үндсэн хуулийн цэцэд чамгүй олон асуудлаар хандлаа. Миний бие Засгийн газар Үндсэн хууль зөрчиж байгуулагдлаа, хуульч Б.Жавхлант ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Үндсэн хууль зөрчсөн тухай мэдээллийг магадлуулах, Д.Миеэгомбо УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татах асуудлаар, хуульч Мөнхзул Үндсэн хуулийн зарим гишүүд бүрэн эрхийн хугацаа нь дуусчихаад байхад ажиллаж байгаа асуудлаар тус тус хандсан.
Энд нэг нийтлэг зүйл байгаа. Тэр нь, Үндсэн хуулийн цэцэд хандсан явдал. Бид Монгол Улсад хууль тогтоомж гэж байгаа бол хуулийн дагуу асуудлаа шийдээд яв гэсэн итгэлээр хүсэлтүүдээ гаргасан. Харамсалтай нь бидний хүсэлтүүдийг төдийлөн авч хэлэлцэхгүй байгаад гомдолтой байна. Бидний хүсэлт ямар хүн дээр хуваарлигдсан нь хүртэл тодорхойгүй байна. Тиймээс бид энэ асуудлыг илүү тодорхой болгох үүднээс хэвлэл мэдээллийн байгууллагыг бидэнтэй хамтран ажиллаач ээ гэж мэдээлэл хийж байна” гэж тодотгосон юм.
Д.МИЕЭГОМБО: ҮХЦ УЛСТӨРЧДИЙН КАРЬЕРИЙН ТӨГСГӨЛӨӨ
ХИЙДЭГ ГАЗАР БОЛЧИХСОН
Хуульч Д.Миеэгомбо УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татах асуудлаар “Ард түмэн сонгосон төлөөлөгчөөрөө дамжуулан төрийн үйл ажиллагаанд оролцох эрхтэй. Нөгөө талдаа УИХ-ын гишүүн хүлээсэн үүргийнхээ дагуу ард түмнийхээ эрх ашгийг дээдлэн, чуулган болон байнгын хорооны хуралдаанд тэдний дуу хоолой болон оролцох ёстой. Эдгээр хуралдаануудад суухгүй байгаа нь УИХ-ын гишүүний үүрэг, ард түмний эрх ашгийг зөрчиж байна гэж үзэн цэцэд хандсан.
Гэвч Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэх боломжгүй гэж үзсэн байгаа. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан нь Б.Наранхүүтэй хувийн харилцаатай байж болзошгүй. Тиймээс бид цэцийн гишүүнийг солих шаардлага тавьсан ч хүлээж аваагүй. Ер нь Цэцээс бидэнд мэдээлэл өгөх асуудал дээр ихээхэн хойрго хандаж байна. О.Алтангэрэл хуульч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар Үндсэн хууль зөрчиж байгуулагдлаа гэсэн үндэслэлээр цэцэд хандсан.
Хүсэлтийг цэцийн ямар гишүүн дээр хуваарилсан талаар лавлахад цэц “Бид ийм мэдээллээ нууцалж байгаа” гэсэн хариулт өгсөн байгаа юм. Уг нь Н.Жанцан гуай дээр миний хүсэлт хуваарлигдсаныг нууцлаагүй. Гэтэл дотоод журмандаа өөрчлөлт оруулсан нэрийдлээр өөр хүсэлт дээр мэдээллээ нууцалж байна. Ер нь ҮХЦ улстөрчдийн карьерийн төгсгөлөө хийдэг газар болчихсон. Эрх барьж байгаа намуудын гар хөл болдог байдал ажиглагдах боллоо. Хууль зүйн хувьд дархлагдсан газар учраас бид үйл ажиллагааг нь нээлттэй байлгах чиглэлд сэтгүүлчдийн оролцоотойгоор шаардах бодолтой байна” гэсэн юм.
-УИХ-ЫН ГИШҮҮН ХУУЛЬД ЗААСНААС БУСАД ТӨСӨВ, ЦАЛИН,
ХАНГАМЖИЙГ ЭДЭЛЖ БОЛОХГҮЙ-
Хуульч Б.Жавхлант ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар “Ц.Нямдорж сайд өөрөө түрээсийн байранд амьдардаг, байрны эзнийг нь таньдаг учраас ашиглалтын зардал төлөөд амьдардаг гэж хэлсэн. УИХ-ын гишүүн хууль дээдлэх үндсэн зарчмыг баримталж үйл ажиллагаагаа явуулах ёстой. УИХ-ын гишүүн хуульд зааснаас бусад төсөв, цалин, хангамжийг эдэлж болохгүй. Энэ асуудалд Үндсэн хуулийн зөрчлийн шинж харагдаж байгаа учраас ҮХЦ хянаж авч үзэх боломжтой" гэв. Хуульчдын зүгээс Б.Наранхүү, Ц.Нямдорж нарыг эгүүлэн татуулах асуудлаар тууштай ажиллана гэдгээ хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм.
Ц.Нямдорж гишүүнийг эгүүлэн татах асуудлаарх цэцэд хандсан албан бичигт:
-УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нь түрээсийн байранд амьдардаг, байрны эзнийг таньдаг учраас ашиглалтын зардлыг нь төлөөд амьдарч байгаа гэх мэдээлэл сүүлийн жилүүдэд олон нийтийн хэрэгслээр мэдээлэгдэх болсон ба энэ нь Монгол Улсым Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хууль дээдлэх”, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална”, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь хэсэг заасан “бүрэн эрхээ хэрэгжүулэхтэй холбогдуулж бусдаас шан харамж авах”, 37.1.3 дахь хэсэгт заасан “гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах”, 37.1.4 дэх хэсэгт заасан "Гишүүний нэр хүнд, эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах”, 37.1.9 дэх хэсэгт заасан “аливаа байгууллага, иргэнээс нэг сарын цалингийн хэмжээнээс дээш төгрөгийн үнэтэй бэлгийн зүйлсийг хувиараа авах”,
-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бусдаас бэлэг шууд буюу шууд бусаар авахыг хориглоно”, 16.4 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн гишүүн болон төрөл, садангийн хүнээс бусад этгээдээс авсан нэг удаагийн бэлэг, үйлчилгээний үнэ, хөлс тухайн албан тушаалтны нэг сарын цалинтай тэнцэх хэмжээнээс хэтэрсэн, эсхүл нэг эх сурвалжаас нэг жилийн туршид хүлээн авсан бэлэг, үйлчилгээний үнэ, хөлс тухайн албан тушаалтны гурван сарын цалинтай тэнцэх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд уг албан тушаалтан энэ тухай эрх бүхий албаны тушаалтанд 30 хоногийн дотор бичгээр мэдэгдэх үүрэгтэй”, Авлигын эсрэг Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дэх хэсэгт заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.
Монгол Улсын Их Хурлын гишүүн нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасан гишүүний төсөв, цалин, бусад хангамжийг улсын төсөвт суулган зарцуулах эрхтэй атал танилынхаа орон сууцанд түрээсийн гэрээгээр үнэгүй амьдарч байгаа нь хуулинд заагдаагүй хангамжийг гуравдагч этгээдээс хүлээн авч, бусдаас шан харамж, эсхүл шууд бус бэлэг авах замаар үнэ хөлсгүйгээр бусдын эд хөрөнгийг ашиглаж байна. Тус хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт "Гишүүний цалин, нэмэгдэл, унаа, албан томилолт, бичиг хэрэг, холбооны зардлыг Улсын Их Хурлын жилийн төсөвт тусгаж санхүүжүүлнэ" гэж заасан ба дээрх эрх зүйн үйлдлийг хувийн ашиг сонирхлын үүднээс үйлдсэн гэж үзэх нөхцөлийг бүрдүүлж байна. Эрхэм гишүүний оршин сууж байгаа Белла Виста хотхонд орон сууц хөлслөхөд талбайн хэмжээнээс хамааран cap тутамд 3 сая төгрөгөөс 12 сая төгрөгийн хөлсийг хөлслөгч этгээд хөлсүүлэгчид төлж байгаа нь зах зээлийн өнөөгийн ханш бөгөөд үүнээс үзэхэд тэр хэмжээний хөлсийг шууд бус бэлэг хэлбэрээр давуу эрх эдэлж байгаа гэж ойлгогдоход хүрч байна.
Улсын Их Хурлын гишүүн нь Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т заасан “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж. гишүүний уүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөснөөр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлдэг. Энэхүү тангараг ёсоор төрийн хуулийг дээдлэн сахих үүрэгтэй. Гэтэл бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа бусдаас хуульд заагдаагүй хангамжийг эдэлж байгаа нь гишүүний тангарагаа зөрчсөн үйл ажиллагаа юм.
Түүнчлэн, Монгол Улсын Их Хурлын гишүүн бол бүх ард түмний төлөөлөл болон төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнийг төлөөлөн хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгчийн хувьд хууль дээдлэх, хуульт ёсыг чандлан сахих бэлгэ тэмдэг, ёс зүйт төрийн албан хаагчийн үлгэр дууриал болон ажиллах албан тушаалтан болохын хувьд бусдын байрыг үнэ төлбөргүйгээр ашиглах нь төрийн түшээ хүний хувьд ёс зүйгүй үйлдэл мөн.
Иймд хуульд заасан төсөв, цалин, хангамжаас илүү давуу эрх эдэлж байгаа УИХ-ын гишүүн Ц. Нямдоржийн талаарх энэхүү мэдээллийг шалгаж, Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, УИХ-ын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 37 дугаар зүйлийн 37.1.2-37.1.4, 37.1.9, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалтуудыг зөрчсенийг тогтоож өгнө үү. Мэдээлэлтэй холбогдох нотлох баримтууд болох түрээсийн гэх тодотголтой байрны өмчлөгчийн талаарх мэдээллийг Оюуны өмч, эрхийн бүртгэлийн ерөнхий газраас албан ёсоор лавлаж, бидэнд танилцуулж өгөхийг хүсье” гэжээ.
Г.ИТГЭЛ
Эх Сурвалж Мэдээ.мн
СЭТГЭГДЭЛ