
Дэлхийд уншигчдынхаа тоогоор тавдугаарт (42,6 сая) эрэмбэлэгддэг Их Британийн алдарт “Гардиан” сонин Монголчуудын цээл, сайхан хоолойг магтжээ. Ингээд тус сонины онцолсон нийтлэлийг дор сийрүүлэн хүргэе.
Монголчууд яагаад дэлхийн нэр хүнд бүхий дууны тэмцээнд олон удаа түрүүлдэг вэ? Үүний учрыг тайлахаар манай сурвалжлагч Кэйт Моллсон Монгол нутгаар аялж, гүүний саам ууж, гэрт төрж өссөн дууны нэрт мастер Ганбаатарын Ариунбаатартай уулзжээ.
Түүнийг өнгөрсөн жил BBC агентлагаас уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн дуучин” тэмцээнд финалын тавд үлдэхэд дуурийн нэрт багш Мэри Кинг нүдэндээ нулимс цийлгэнүүлэн догдолж байсан билээ. Г.Ариунбаатарын намтар, түүх дэлхийн алдарт дуучидтай адилгүй юм. Тэрээр нүүдэлчин Монгол айлд мэндэлж, тугал хариулж, морин дэл дээр давхиж өсчээ. Хүүхэд байхдаа өдөрт 60 бээр орчим газар морьтой давхихдаа байнга дуу аялдаг байсан гэдэг. Хожим Улаанбаатарт оюутан болсон ч сургалтын төлбөргүйн улмаас завсардаж, таксины жолооч болжээ. Ингэж явахдаа амьдралыг нь өөрчлөх нэгэн хүнтэй таарч, Цагдаагийн чуулгад дуулж, сургуульдаа буцаж орсноор алдрын замнал нь тавигджээ.
Би Монголд очиж үзэхээсээ өмнө бусад Европчуудын адил Чингис хаан, говь цөл, хоёр бөхтэй тэмээ, зэрлэг морь, цээл сайхан хоолойт дуучдаас өөр ямар ч төсөөлөлгүй байлаа. Харин дараа нь Монголчууд хуучин нийгэмд Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудаас хамгийн түрүүнд сансарт нисэж, дуучид нь Орос, Зүүн Герман, Польшид дуурьт суралцахаар явж байсныг олж мэдсэн юм. Монголд дуурийн урлаг Зөвлөлтийн үеэс хөгжсөн ч өнө эртний түүхтэй юм. Тэд бол олон зуун жилийн баялаг уламжлалтай, гайхамшигтай дуучин ард түмэн ажээ. Салхи исгэрэх мэт чимээ гаргаж, хөөмийлөхөд дуурийн дуучнаас дутахааргүй авьяас чадвар, олон жилийн бэлтгэл сургуулилт шаардлагатай болдог байна.
Энэхүү гайхамшигт аялгууг сонсохоор би 1000 бээрийн алсад орших Ховд нутгаар аялж, монгол гэрт хоноглохдоо Алтайн сүрлэг уулс, нуурын үзэсгэлэнт шувуудыг харан баяссан юм. Замдаа гүүний саам, айраг ууж, тарган хонины махаар дайлуулж явлаа
Монголчуудын дууны соёл уудам газар нутагтайгаа салшгүй холбоотой ажээ. Тэдний уламжлалт уртын дуу нь тэнгэрийн хаяа цайран харагдах гоёмсог, сүрлэг уулс, уудам тал нутгийг шүлэг, эгшигтэй хослуулан дүрсэлсэн гэлтэй. Хэрэв би өөрийнхөө төрсөн нутгийг дуу хөгжимтэй зүйрлэвэл ийм сайхан сонсогдохгүй байх. Тэгэхээр би Г.Ариунбаатар болон бусад монгол дуучдын байгалиас заяасан гайхамшигт хоолойг бишрэх нь аргагүй
Хөгжим судлаач Б.Хатанчулуун “Бид дэлхийг зөвхөн хүч чадлаараа биш дуу, хуураар байлдан дагуулж байна” хэмээн ярьсан юм.
Б.Мөнхтуяа
СЭТГЭГДЭЛ