О.Баасанхүү өчигдөр МАХН-ын ИХ чуулганыг Төрийн ордонд зохион байгуулсан. мАнхнаасаа хэлтэй амтай, хэрүүл будилаантай эхэлсэн энэ Их чуулган зохион байгуулалтын асуудал хэлэлцснээс гадна намын дүрмийг шинэчлэх асуудлын ч бас ярилцжээ. Энэ хурал Н.Энхбаярыг МАХН-ын даргаас чөлөөлж, Их хурлын гишүүдийн 94.4 хувийн саналаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүг намын даргаар сонгожээ. Баасанхүүгээс гадна Г.Бямбасүрэн намын даргад өрсөлдсөн ч 5.6 хувийн саналыг авсан аж.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-ын даргаар сонгогдсон даруйдаа "Энэ хэцүү хүнд үед итгэл үзүүлж байгааг надад өгсөн хариуцлага гэж ойлгож байна. Албан тушаалд очиж байна гэж харахаасаа илүү ард түмэндээ шударга ёсыг яаж мэдрүүлэх вэ гэдэг зорилго хамгийн түрүүнд бодогдлоо. МАХН-ын дуу хоолойг төрд хүргэхийг хүсч байна. Хэдийгээр би ганцаараа ч 2020 онд томоороо ялахыг хүсч байгаа юм. Удирдлагууд маань энэ их хурлыг тансаглал гэж хэлж, үл тоож, хүчингүй гэж зарлаж, гүтгэж байгаад харамсч байна. Гэхдээ бид учраа олно гэж найдаж байна. Аливаа тэмцэлд ялалт байхгүй. Бидний зорилго Монголын ард түмний төлөө. Том зорилгыг биелүүлэхгүй бол том итгэл алддаг. Бид том зорилго биш жижиг, тэгсэн хэрнээ жинхэнэ зорилго тавина" гэлээ.
Гэвч энэ Их хурал үнэхээр МАХН гэх улстөрийн хүчнийг бүрэн төлөөлж чадаж байна уу үгүй гэдэг нь асуудал дагуулж байгаа бололтой.
Учир нь МАХН-ын дарга Н.Энхбаяр болон тус намын удирдлагууд болох С.Ганбаатар, З.Баянсэлэнгэ Б.Тулга, Э.Эрдэнэжамъяан тэргүүтэй зарим хүмүүс тус хурлыг дүрмийн бус хэмээн эсэргүүцэж байгаа юм. МАХН-ын дэд дарга С.Ганбаатар өчигдөр Их хуралд оролцож О.Баасанхүүг буруутгаж нэлээн эсэргүүцсэн.
О.Баасанхүүг "Намын нэр барьж хууль бус хурал хийлээ. Энэ хурлын талаар намын даргадаа ч мэдэгдээгүй. Албан ёсны тамгагагүй хурлыг зохион байгууллаа" гэх мэтээр шүүмжилж байгаа юм.
Өөрсдийгөө улстөрийн гурав дахвь хүчин хэмээн нэрлэж байгаа МАХН-ын дотоод амьдрал иймэрхүү ойлгомжгүй байдлаар үргэлжилж байна.
СЭТГЭГДЭЛ