Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр салбарынхантайгаа уулзаж, шийдэх тулгамдсан асуудал, баримтлах бодлогынхоо талаар Туушин зочид буудлын хурлын танхимд хэлэлцэж байна. Энэ үеэр Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяраас иргэдийн анхааралд буй зарим сэдвээр тодруулга авлаа.
-Барилгын салбарт иргэдийн хүлээлт үүсгэсэн олон асуудал шийдлээ хүлээж байна. Таны хувьд нэн тэргүүнд ямар ажлыг голчлох вэ?
-Нэгдүгээрт, барилгын технологийг голлоно. Улаанбаатар, орон нутагт баригдаж буй барилгуудад хөдөлмөр хамгаалал, галын аюулгүй байдал хөндөгдөж буйг бүгд мэдэж байгаа. Барилга барих үед, барьсны дараа аль ч үед шатах тохиолдол байна. Тиймээс энэ байдлаас гарах бололцоог хангая гэж ярьж байгаа юм. Ингэхийн тулд байгалийн чулуугаар дулаалгын материал барьдаг үйлдвэрүүдийг бий болгоно. Өөрөөр хэлбэл чулууг боловсруулж хөвөн гаргаж байгаа юм. Энэ хөвөн нь галд тэсвэртэй. Одоо бол барилгын дулаалгын материалд хөөсөнцөрийг ашиглаж байна. Хөөсөнцөр бол химийн элемент. Тиймээс нэн тэргүүнд байгалийн чулуугаар дулаалгын материал барих үйлдвэрүүдийг дэмжиж дотооддоо ашиглана. Цаашлаад гадаадад гаргана.
“ШУГАМ ЯНЗЛАХ ГЭЖ ЗАМАА СҮЙТГЭДЭГГҮЙ БОЛНО”
Хоёрдугаарт, зураг төслийн хүрээнд инженерийн шийдэлд анхаарна. Бид инженерийн шийдлийг хийхгүй олон жил болсон. Энэ нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд шууд хамааралтай. Миний хувьд хотын дарга байхдаа гэр хороололд хонгилын системийн ажлыг хийж байсан. Үүнийг үргэлжлүүлнэ. Газар доорх хот гэсэн үг. Таван шугамыг газар доор хийе. Энэ нь дээгүүр нь зам тавьсны дараа шугамаа солих гэж зам эвдэхгүй байх боломж бүрдэнэ. Мөн газар хөдлөлтийн үед түүнийгээ хоргодох байр болгож ашиглана. Мөн хотуудын аюулгүй байдалд орно. Хүйтэн усны шугамаар янз бүрийн зүйл явахад аюулгүй байдлыг хамгаална гэсэн үг.
“ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН УРЬДЧИЛГААГ БУУРУУЛАХААР СУДАЛЖ БАЙНА”
Урсгал бодлогын хувьд найман хувийн зээлийн асуудал байна. Энэ Засгийн газрын хувьд найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ. Ажлын хэсэг ажиллаж, удахгүй шийдвэрээ гаргаж ямар хэлбэрээр хэрэгжүүлэх вэ гэдэг нь тодорхой болно. Нийслэлд одоогийн найман хувийн хүү үргэлжилнэ. Харин орон нутагт арай өөр байх, сард төлөх төлбөрийн хэмжээг багасгах талаар ажлын хэсэг ажиллаж байна.
М.кв-ын хувьд бас өөрчлөлт хийнэ. Одоогоор найман хувийн хүүтэй зээлээр дээд тал нь 80 м.кв хүртэлх байрыг өгч байгаа. Тэгвэл одоо энэ хэмжээ зорилтот бүлэгтээ хүрчихлээ. Цаашид 80-100 м.кв гэх хувилбар руу шилжүүлэх нь зүйтэй гэж үзээд судалгаа хийж байна.
-Урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудал хэрхэн шийдэгдэхээр байна вэ?
-Энэ асуудлыг оруулж байгаа. Гэхдээ нэг их хугацаа шаардах асуудал биш. Эх үүсвэртэй л холбоотой. Бид найман хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрийг олж чадвал урьдчилгаа төлбөрийг одоогоос бага зэрэг буулгах боломж бий эсэхийг хэлэлцэж байгаа.
“ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ ЗАРИМ ХЭСГИЙГ ӨМЧИЛНӨ”
-ТОСК-ийг татан буулгах асуудал яригдаж байна?
-Татан буулгахаас илүү түрээсийн орон сууцны хөтөлбөрийг дэмжиж ажиллах тал дээр анхаарна. Ингэхдээ аймгуудын хувьд өөрсдөө түрээсийн орон сууцны ашиглалт, хамгаалалтыг хариуц гэж хэлнэ. Орон сууцанд орох хүн, ашиглалт засвар, үйлчилгээ, зээлийг аймгийн Засаг даргын мэдэлд өгнө. Харин Улаанбаатарт түрээсийн орон сууцыг нэмж барихгүй. Харин баригдсан барилгын ашиглалтад анхаарч ажиллана.
-Түрээсийн орон сууцанд иргэд тав хүртэлх жил амьдраад дараагийн хүнд шилжүүлэх тухай журамд заасан. Харин таны зүгээс түрээсийн орон сууцны зарим хэсгийг өмчлөх боломжийг иргэдэд олгоно гэж байсан. Энэ талаар тодруулъя?
-Тийм. Түрээсийн орон сууцны одоогийн журамд таван жил амьдраад гарах тухай заасан байсан. Энэ асуудалтай бид санал нэгдэхгүй байгаа. Тухайн иргэн амьдралын боломжтой болоод орон сууц авч чадах хүртлээ түрээсийн орон сууцандаа амьдрах хэрэгтэй. Хоёрдугаарт,түрээсийн орон сууцны тодорхой хэсгийг өмчлөх боломжийг нээж өгнө.
СЭТГЭГДЭЛ