
Монголын бартаат замын авто мастеруудын холбооноос зохион байгуулдаг “Мазаалай кап 2017” ачааны авто машины уралдааны төрөлд дэд байранд орсон Ц.Батнямтай хэсэгхэн хором ярилцлаа. Тэрээр амьдралд хагацал зовлон тохиолдсон ч хүн дуртай зүйл, зорьсон зорилгынхоо төлөө туууштай байж чадвал амжилт бидэнд ойрхон байдаг гэдгийг батлан харуулсан юм.
Энэ спорттой хэзээнээс холбогдсон бэ?
-Багаасаа л техникт сонирхолтой хүүхэд байсан. Аав маань тээврийн жолооч болохоор аавтайгаа хамт машинд их явдаг байсан. Ер нь Zil-130 гуч машины кабинд л өссөн дөө. Аавтайгаа хамт тээвэрт явсаар байгаад л машин техник тээвэрт сонирхолтой болсон. Маш багаасаа л машин барьж сурсан. Би өөрөө хуульч мэрэгжилтэй. Гэхдээ сургуулиа төгссөнөөс хойш нэг жил л мэргэжилээрээ ажилласан. Тэгээд буцаад л тээвэр техникийн салбар луу буцаад орчихсон. Одоо өөрийн гэсэн тээврийн компанитай болчихсон байна.
Тээврийн компани нь хэзээ байгуулагдсан бэ?
-Тээврийн компани маань байгуулагдаад гурван жил гаруй хугацаа өнгөрч байна. Голдуу барилга, зам, хүнд даацын шорооны тээвэр техникийн түргэн тусламж үзүүлж байгаа. Гэхдээ хараахан хөл дээрээ зогсож амжаагүй л байна.
Хэзээ энэхүү спорт руугаа эргэн орсон бэ?
-Миний хувьд улсын чанартай тэмцээн уралдаануудад анх удаагаа л орж байна. Ерөнхийдөө сонирхолтой байсан ч боломж бололцоо маань таардаггүй спорт руугаа ороё гэж бодож явсаар байгаад энэ жилээс л орсон.
“Мазаалай Кап-2017” тэмцээнийхээ талаар?
-Мазаалай Кап тэмцээн нь голдуу ” жийп, сонирхогчид, мэргэжлийнхэн” гэсэн ангилалаар явагддаг. Өнгөрсөн жилийн хувьд урилгаар оролцох болон мэргэжлийн ангилалын машинууд ороод шаварт суугаад гарч чадахгүй болсон машинуудыг татаж гаргадаг. Тэмцээний хэллэгээр гадсанд зогсох гэдэг. Өмнө нь Монголд ачааны автомашин буюу tracк ангилалын машины уралдаан болж байгаагүй. Энэ жилээс автомашин буюу tracк машины ангилал нэмэгдсэн байгаа. Миний хувьд автомашин буюу tracк дэд байранд орсон. Энэ жилийн хувьд энэхүү ангилалд маань 10-аад машин оролцлоо.
Тэмцээнд оролцохын өмнө бэлтгэхдээ хэр их хугацаа зарцуулдаг вэ?
-Засаж, янзлах, бодож, тунгаах хоёр нь цуг орчихдог. Энэ машинаа янзлаад хоёр жил болж байгаа. Зургаан сарын хугацааг зарцуулж янзалсан. Дараагаар нь өөрийнх нь хүчин чадалд тохирох ажлуудыг хийж эхэлсэн
Машиныхаа хүчин чадалд тохирсон ажлуудыг хийдэг гэж байна. Энэ талаараа?
-Машин маань нийтийн тээврийн үйлчилгээний “Сутайн Буянт” компаний чирэгч машин байгаа. Улаанбаатар хотын зам дээр 1000 гаруй нийтийн тээврүүд явдаг. Автобус ялгаагүй л техник, тээврийн хэрэгсэл учраас хуучин шинэ гэлтгүй гудамжинд саатаж эвдрэх тохиолдол гардаг. Тиймээс тэдгээрт түргэн тусламж үзүүлж чирж холдуулж замыг нь зайчилж гацаа түгжрэлтэй үед чөлөөлж өгдөг.
Тэмцээндээ хэзээнээс бэлдэж эхэлсэн бэ?
-Түрүүн дурьдаж байсан ажлаа хийж байтал тэмцээний тов гараад арав хоногийн өмнөөс бэлдсэн. Тэгээд л бэлдэж эхэлсэн.
Хэдэн километрийн зайд уралдсан бэ?
-Ерөнхийдөө их ойрхон. Гэхдээ бартаат зам гэдэг утгаараа өөр. Хэт бартаат замын уралдаан учраас үргэлж шавар дунд уралдана. Миний хувьд хоёр километрийг 5 минут 19 секундэд туулсан.
Бартаат зам дээр уралдаж байхдаа юу мэдэрдэг вэ?
-Уралдаан тэмцээнд оролцоод явж байхад олон хүний энерги, хөгжөөн дэмжлэг дунд сайхан байдаг.
Машинаа өөрөө засаж янзалж, тохижуулсан гэсэн нь маш их сонирхол татлаа?
- Монголд явагдаж байгаа ийм төрлийн тэмцээн уралдаанууд хэт бартаат замын уралдаан гэж явагддаг. Энэ уралдаанд техник бэлдэхэд маш хүндрэлтэй байдаг. Нэгдүгээрт техникээ бэлдэхэд цаг хугацаа их орно. Хоёрдугаарт эдийн засгийн байдал буюу мөнгө их зарцуулагддаг.Миний хувьд машинаа тэмцээн уралдаанд зориулж бэлдээгүй. Жуулчны зориулалтаар хөдөө гадаа явахад бартаа, шавар усанд сайн явахаар бэлтгэгдсэн Оросын газ-66 машин байгаа. Орос машины жаахан дутагдалтай байж магадгүй гэсэн хэсгүүдийг өөрөө бодож тунгаан, янзалж хүчин чадлыг нь сайжруулсан. Түлш болон санхүүгийн зарцуулалтыг багасгах зорилгоор хийсэн. Мотор кропыг нь солиод торумзных нь системийг янзалсан. Голдуу Япон, Солонгос хүнд даацын машинуудын мотор кропнуудыг тааруулж явах эд ангийг нь хэвээр нь үлдээсэн. Дутагдалтай талыг нь өөрчилж янзалсан гэхэд болно.
Тэмцээнд оролцохын өмнө эсвэл оролцох үеэр хүндрэлтэй зүйл тохиолдож байсан уу?
-Тэмцээнд орохоос дөрөв хоногийн өмнө ээж маань бурхан болсон. Мэдээж маш их гашуудаж, харамсаж тэмцээнийхээ талаар мартчихсан, оролцохгүй гээд шийдсэн байсан. Ээж, аав маань намайг энэ тэмцээнд оролцохыг дэмжиж байсан. Тэмцээнд зориулж хувцас хүртэл оёж өгсөн. Миний хүү энэ хувцасыг өмсөж оролцоно шүү гээд л зөвлөдөг байсан. Аав маань тэмцээндээ орно гэж бэлдсэн юм чинь орох хэрэгтэй. Хүнд тохиолддог л уй гашуу, зовлон. Тэр тусмаа шантарч болохгүй улам тэмцэх хэрэгтэй. Ээж чинь байсан ч байгаагүй ч чамайг харж л байгаа. Ороод амжилт гарга гэсэн. Ойр дотны хүмүүс, хамаатан садан, найз нөхөд ч гэсэн оролцох хэрэгтэй гэсэн. Тэгээд л дөрөв дэхь хоногийнх нь өглөө шууд очоод л орчихсон. Мэдээж очоод оролцох гэхэд хэцүү байсан. Гэхдээ баяр, ёслол биш тэмцээн уралдаан учраас намайг ээж минь тэнгэрээс харж байгаа гэж бодоод л оролцсон доо. Тэмцээндээ ч сайхан оролцож дэд байранд орсон.
Өөрийн тань хувьд юугаар хурцлагддаг вэ?
-Одоо өөрийгөө хурцлах зүйл нэгээр нэмэгдсэн. Ээж минь байсан бол эрхэлж нялхараад л байж байх байсан. Гэвч одоо байхгүй учраас илүү чанга байх ёстой. Аав , эгч , дүүгээ авч явах ёстой тиймээс цаашдаа хурцлагдаад л амьдрана даа.
Сүүлийн үед энэ спортыг сонирхдог залуучууд хэр их байна?
-Ачааны машины хэт бартаат ангилалд есүүлээ л уралдсан. Олны танил хүнээс эхлээд жирийн сонирхогчид ч гэсэн оролцсон. УИХ-ын гишүүн, сайд Н.Номтойбаяр ч гэсэн бидний дунд орж уралдсан. Сайхан, өрсөлдөөнтэй болж өнгөрлөө. Үүний цаана Монголын өнцөг булан бүрт бид нараас илүү авьяас чадалтай залуус зөндөө байгаа. Монгол Улсын маань бүх өнцөг булан бүрт авто тээврийн бааз байсан. Тэдгээр баазад ажиллаж байсан жолооч нарын үр удам, хүүхдүүд энэ спортод хайртай байдаг. Тэр тусмаа Манай улсын орчин нөхцөл зам ямар гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа байх. Зундаа шавар шавхай, өвөлдөө цас зудтай бартаатай байдаг. Тиймээс чадвартай, авьяаслаг залуучууд маш их байгаа. Дараа дараагийн тэмцээн уралдаанд өргөнөөр ирж оролцох байх. Энэ удаагийн “Мазаалай Кап” маань мэдээлэл тааруу байсан юм болов уу гэж бодлоо. Тэмцээн дууссаны дараа бичлэг үзээд мэдсэн залуучууд маш их байсан. Оролцож уралдах байсан юм гэсэн хүмүүс их байсан. “Мазаалай Кап” тэмцээн жил бүр гурван төрлөөр уламжлал болгон зохион байгуулагддаг учраас дараа жилээс өргөнөөр оролцох залуучууд их байгаа гэдэгт итгэлтэй байна.
Дараагийн тэмцээндээ хэзээ оролцохоор төлөвлөсөн байгаа вэ?
-Жил бүр Mонголын бартаат замын спортын холбоо буюу /МОF/ хоёроос гурван тэмцээн зохион байгуулдаг. Намар есөн сард зохион байгууллагддаг “Зэрлэг 4х4” гэж тэмцээн байгаа. Хангай газар болдог, байгальд уралддаг. Хүний гараар бэлдсэн саад бартаа, шавар шавхай биш байгальдаа өрсөлддөг тэмцээн бий. Хавар бол Мазаалай Капдаа оролцоно.
Таны залгамж халаа болон гарч ирэх залуучууддаа хандаж зөвлөгөө өгөөч?
-Одоо залуу байгаа дээрээ бодож сэтгэж, хөдөлмөрлөж хичээх хэрэгтэй. Арав хорин жилийн дараа тэмцээнд оролцоно гэхээр чадал хүрэхгүй болчихдог. Тиймээс одоо бяртай, чадалтай ухаан сийрэг байгаа дээрээ энэ спортоор хичээллээд уралдаад амжилт гаргаарай гэж хэлмээр байна.
Цаг зав гаргаж ярилцсанд маш их баярлалаа, амжилт хүсье.
-Баярлалаа
Н.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ