
Монгол хүний ой тогтоолт, оюун ухааны чадвар чансааг дэлхийд гайхуулж, хүн хичээж чадвал ямар ч зүйлд хүрч чаддагийг харуулж чадсан нэгэн залууг онцолж байна. Тэрээр анх “Монголын Оюун ухааны академиас” энэ бүх амжилтынхаа гарааг эхэлж жил ч хүрэхгүй хугацааны дараа олон гайхалтай амжилтуудыг үзүүлж эхэлсэн байна. Ингээд та бүхэндээ Оюун Ухааны их мастер Э.Энхмөнхтэй хийсэн ярилцлагийг хүргэж байна.
Өөрийгөө танилцуулаач?
-Намайг Эрдэнэбатхааны Энхмөнх гэдэг. Одоо 18 настай. Санхүү эдийн засгийн дээд сургуулийн хоёрдугаар курсын оюутан. Багадаа Монголд өсөөгүй. Аав маань IT чиглэлээр доктор хамгаалахаар гэр бүлээрээ Солонгос явсан. Тэр үед би зургаан настай байсан. Бага нас маань Солонгост өнгөрсөн. 2011 оны өвөл Монголдоо буцаж ирсэн.
Багадаа ямархуу хүүхэд байсан бэ?
-Ичимхий, даруухан хүүхэд байсан. Одоо тэр байдал маань арай өөр болсон гэж боддог.
Айлын хэд дэхь хүүхэд вэ?
-Айлын том хүүхэд. Нэг эрэгтэй дүүтэй. Дүү маань одоо дөрвөн настай.
Гэрээ цэвэрлэж, хоолоо хийдэг үү?
-Гэрээ цэвэрхэн байлгах дуртай. Хоол хийхдээ тасархай амттай хийхгүй ч гэсэн хүн идчихээр бол хийчихнэ.
Ихэнхидээ ямар хоол хийдэг вэ?
-Шөлтэй хоол, хуурга, гоймонтой хоол хийдэг. Орчин нөхцлийг нь бүрдүүлээд өгчихвөл би нэг хэсэг тогооч болоё гэж мөрөөддөг байсан. Хоол хийх нь кайфтай санагддаг байсан.
Мөрөөдөл нь юу байсан бэ?
-Багадаа завгүй хүн байхыг мөрөөддөг байсан.
Хайрыг ямар өнгөөр төсөөлдөг вэ?
-Ногоон, Байгаль эх дэлхийн өнгө болохоор. Тэр нь цаанаасаа хүнд төрөлхийн суучихсан байдаг.
Одоо ямар мэргэжлээр суралцдаг вэ?
-Маркетинг, менежментээр сурдаг. Багадаа сэтгэл судлаач болно гэж боддог байсан. Гэр бүлийнхэн маань бага зэрэг эсэргүүцээд маркетингийн PR хүний сэтгэлийг яаж татах вэ, хэрхэн сэтгэлд нь хоногшиж үлдэхэв гээд л тиймэрхүү хүн хоорондын харилцаанд дуртай болохоор энэ мэргэжлийг сонгосон.
Өөрийн чинь хувьд одоо бага зэрэг тааруу хичээл бий юу?
-Ерөнхийдөө бол бүгд жигдхэн, дажгүй шүү.
Харь гариг сонирхдог гэж сонссон. Харь гаригийнхан байдаг гэдэгт итгэдэг үү?
-Итгэдэг
Харь гаригтай холбоотой ном уншдаг уу?
-Ном гэхээсээ илүүтэйгээр интернэтийн мэдээллүүд их уншдаг. Сансар луу хөөрсний дараа яг хөөрсөн газраасаа буцаж бууж ирж байгаа хөлгүүд. Саяхан хөөрсөн “мазаалай” 51 дэхь улсад бүртгэгдсэн. Өглөө эрт хөөрсөн ч гэсэн үзсэн.
Шүтлэгтэй юу?
-Монгол хүмүүс чинь бөө, буддизм гээд тэр талдаа явдаг гэхдээ ямар нэгэн шүтлэг бол байхгүй.
Фейсбүүкт охидуудын хандалт ямархуу байдаг вэ?
-Холбоо барих ч гэдэг юм уу? зарим хүмүүс нь баяр хүргэдэг ч юм уу улам сайн хичээгээрэй гээд л тэгдэг.
Найз охинтой юу?
Байхгүй.
Гадаадын хамтлаг дуучдаас?
-The Weeknd, Drake, J.Cole , Солонгосын хамтлаг дуучдаас нам гүм гоё дуунууд сонсох дуртай. K-Pop ийн хамтлаг бүжигчдийн дуу биш ганцаараа гоцолж дуулдаг тийм дуунуудад дуртай.
Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Чөлөөт цагаараа амарна, дасгал хийнэ, өглөө болгон тогтмол уул гардаг. Уул гарахаараа гүйж, дасгал хийнэ. Бас унтаж амарна. Ернө бол мэдээлэл хайж олох маш дуртай. Тэр нь харь гаригийн нууцуудын талаар байдаг.
Нэг ярилцлаган дээрээ Монгол үхрийн махаа “бренд” болгоно гэсэн байсан?
-Солонгост өсч байх явцдаа харсан бүхнээрээ санаа авсан. Монголын нийт мал дараа жил гэхэд 70 сая хүрнэ гэж байсан. Тэгэхээр арвин их нөөцтэй. Нөөцөө зөв ашиглахын тулд миний бодлоор амьтдыг өндөр зэрэглэлд тэжээлгэх хэрэгтэй. Лагерын замд явж байхад зам дагуу зарим үхэр хог идэж харагддаг. Тэрнээс нь бид сүү ууж л байгаа байх. Тиймээс яг гоё байгальд тусгай газарт , байгаль эх дэлхийдээ хор учруулахгүйгээр амьтдаа тэжээснийхээ дараагаар малынхаа ашиг шимийг гадаад руу экспортолж борлуулах тал дээр ажиллахыг хүсдэг.
Энэ тал дээр тодорхой хэмжээний алхам хийсэн байгаа юу?
-Маркетинг гэдэг мэргэжлээр сурч байгаа болохоор ирээдүйдээ яг тэр чиглэлээр ажиллахыг хүсч байгаа болохоор анхны алхам юм болов уу гэж боддог.
Анх хэзээнээс ой тогтоолтоор хичээллэж эхэлсэн бэ?
-2014 оны нэгдүгээр сараас ой тогтоолтын спортоор хичээллэж эхэлсэн. Оюун ухааны академийн ерөнхийлөгч Х.Хатанбаатар багш манай сургууль дээр ирж лекц уншаад араас нь үзүүлбэр үзүүлж байсан. Хүнийг яагаад ингэж гайхшруулж болохгүй гэж хүн бүр чадна гэж байсан. Багшийнхаа яриаг анх сонсоод ой тогтоолтоор хичээллэх болсон. Хичээллэж эхэлснээсээ хойш улам бүр дуртай болж, тамирчин зэрэгтэй хичээллээд явж байна.
Гаргаж байсан амжилтуудаасаа?
-Улсын тэмцээнд орж байсан. Улсын тэмцээнд амжилт гаргаж байж олон улсын тэмцээнд оролцоно. Олон Улсын тэмцээнд дөрөв таван удаа яваад насныхаа ангилалд нэлээдгүй их амжилтыг үзүүлсэн. Нэг, хоёрдугаар байрт ороод, мөн тухайн үедээ рекордуудыг эвдэж байсан. ОУ-ын тэмцээнд орсны дараа ДАШТ-нд орж байсан. 2014 онд Өсвөрийн дэлхийн аварга, 2015 онд Ази болон Өсвөрийн дэд аварга болж байсан. Мөн дэлхийн хамгийн залуу хоёр мастерын нэг нь би байгаа.
ОУ-ын чанартай тэмцээн уралдаанд ороход төсөв санхүүгийн хувьд яаж зохицуулдаг вэ?
-Ер нь бол тэмцээнд явахад бүх зардлаа өөрсдөөсөө гаргадаг. Ямар нэгэн байдлаар улсаас нэг ч удаа дэмжлэг авч байгаагүй. Хааяа манай “Оюун ухааны академийнхан” зардлыг маань хөнгөвчилж өгөх байдлаар заримдаа хувийн компани, банк гэх мэтчилэн газруудаар тусламж, спонсор маягаар олж өгдөг. Ихэнхи тамирчид тэмцээн, уралдаанд явахдаа бүх зардлаа өөрсдөөсөө гаргадаг. Бокс, жудо шиг тэмцээнд ороод медаль авахад нь төрөөс дэмжээд өгдөг бол зүгээр санагддаг.
Өөрийг чинь ОУ-ын уралдаан тэмцээнд ороод түрүүлэхэд улсаас ямар нэгэн байдлаар мөнгөн, урамшуулал үзүүлж байсан уу?
-Шагнал өгч байсан. Ямар нэгэн мөнгөн шагнал бол өгч байгаагүй.
Нэг багц хөзрийг 22 секундэд цээжилдэг болохоор Казинод тоглож болохгүй хүмүүсийн жагсаалтанд ордог гэсэн?
-Яг бол тоглож болохгүй гэсэн хүмүүсийн жагсаалт биш. Зүгээр чадвар эзэмшсэн, бэлтгэгдсэн хүмүүсийн жагсаалтанд орсоноос биш намайг яг 21 нас хүрээд тоглохгүй гэсэн тийм зүйл байхгүй.
Super Brаin шоунд түрүүлчихээд төрж байсан мэдрэмж нь?
-Толгой хоосон болоод л явчихсан. Юу ч бодогдохгүй. Нүдний өмнө баахан хүмүүс. Тэр үедээ /blackout/-гэнэт тасраад. Тэгээд л ухаан орсон. Багш баяр хүргэж байсныг санаж байна.
БНХАУ-ын Jiangsu телевизийн"Super Brain" шоунд Хятад тамирчныг ялж буй бичлэг
Цаашдаа Оюуны спортоор хичээллэх маш олон хүүхдүүд байгаа байх. Тэдгээр хүүхдүүдэд хандаж зөвлөгөө өгвөл?
-Оюуны спорт нь өөр спорт шиг бие, бялдарын спорт биш. Сууж маш олон юм бодож, төсөөлдөг.Тийм болохоор хүүхдийн тэвчээрийг шалгадаг. Мэдээж дотроо бодож төсөөлнө гэхээр тодорхой хэмжээний сэтгэх чадвартай байх ёстой. Би анхандаа тэгэж өгч чадахгүй их гутардаг байсан. Гэхдээ хичээллэх тусам багшийнхаа ачаар өдий зэрэгт өсөж, дэвжиж дуртай зүйлээ хийж хичээллэсний үр дүнд өдий зэрэгтээ хүрч чадсан гэж боддог. ”Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэж үг байдаг даа. Яг л үүн шиг.
Рекламны санал хэр их ирдэг вэ?
-Гайгүй ирдэг. Юнителийн рекламанд тоглож байсан. Скайтелээс мөн рекламанд тоглох уу гэсэн санал ирсэн. Гэхдээ тоглоогүй.
Сүүлийн үед хүүхдүүд Live-хийж олны танил болдог болсон байна. Энэ тал дээр юу гэж боддог вэ?
-Яахав, хүнд дараа болчихоогүй л бол тэр хүн ямар байх нь өөрсдийнх нь хэрэг. Тэр хүмүүст ач холбогдол өгч байхаар өөрсдийнхөө ажлыг бодоод явсан нь дээр. Ухаантай, тэнэг байна гэж бухимдаж сууж байснаас явж аяга тавгаа угаагаад, сонгиноо хэрчээд хоолоо хий. /Инээв/
Өөрийн чинь үеийн хүүхдүүдийн ухамсар ямархуу түвшинд байна гэж боддог вэ?
-Муу гэж боддог. Соёл, ёс зүй тал дээр. Оочер дайрахгүй хүлээх, зам хөндлөн гарахдаа гэрлээрээ гарах ч гэдэг юм уу. Хүлээцгүй, тэвчээр байхгүй гэж боддог. Ямар нэгэн зүйлийг хүлээж чаддаггүй юм шиг санагддаг. Юм бүхнийг гялс хийчих гээд байдаг зантай. Энэ нь хоёр талтай. Гол нь давуу тал болгож чадвал хэрэгтэй зүйл.
Хичээл нь амарчихсан байгаа юу?
-Амарчихсан байгаа.
Амралтаараа юу хийхээр төлөвлөсөн байгаа вэ?
-Олон зүйл төлөвлөсөн байгаа. Жолооны курст сууна. Бас бие бялдараа хөгжүүлмээр байна. Англи хэлний сургалтанд суух, цагийн ажил хийх гээд л маш олон зүйлийг төлөвлөсөн байгаа. Тэгээд Орос хэл сурах сонирхолтой байгаа. Манай өвөө, аав, аавын дүү гурав гурвуулаа Орос хэлтэй. Тийм болохоор би ч гэсэн Орос хэл сурахгүй бол ганцаараа орхигдчихоод байгаа юм шиг санагдаад байдаг.
20 жилийн дараах Энхмөнх ямар хүн болсон байх бол?
-Эхнэр, хүүхэд, ээж, аавтайгаа лагер дээр гэр бүлийн гоё уур амьсгал бүрдүүлчихсэн. Голын хажууд мах шараад хоол хийгээд л , сагсны шийдтэй ч юм уу газар яг гоё гэр бүлээрээ инээлдэж хөөрөлдөөд л байж байвал сайхан.
Хамгийн сүүлд залуучууддаа хандаж хэлэхэд?
-Соёлтой байцгаая л гэж хэлмээр байна.
Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа
Н.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ