
Сүүлийн үед монгол эмэгтэйчүүд дэхийн улс үндэстний ховор нандин, чамин хийцтэй уламжлалт урлаг, соёлыг харуулсан шаазан тавга цуглуулдаг болжээ.Тиймээс шаазан тавга, эдлэлийг түүх талаас нь түүх, археологийн судлаач, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн доктор, профессор Ю.Болдбаатараас тодрууллаа.
-Та түүх судалдаг хүний хувьд монголчууд шаазан тавга, аягыг хэдий үеэс хэрхэн хэрэглэж ирсэн түүхээс товч ярьж өгнө үү?
-Дорно зүгийн Хан үндэстэн буюу хятадууд хамгийн анх шаазан аяга, тавгыг урласан хүмүүс юм. Шаазан урлагийн технологийг хятадууд хадгалсаар, мөн дэлхийн олон улс оронд хөгжсөөр өнөөг хүрчээ. Гэхдээ нүүдэлчин монголчууд шаазан аяга, тавга хүний хэрэгцээнд бий болсноос хойш хэрэглэдэг байсан. Манай улсын хаад, ноёдууд шаазан аягыг хэрэглэж байсан түүхтэй. Гэхдээ тэд байнга нүүдэл суудал хийдэг байсан учир хагархай нь үлдэж, олддог тохиолдол бий. Ер нь монголчууд 13-р зууны үед их гүрнийг байгуулж байсан цаг үед, Хубилайн Хятадад байгуулсан Юан улсын үед Өрнө, Дорныг холбосон Торгоны замыг жинхэнэ бодитойгоор хамгийн таатай боломжийг Өрнө, дорнын худалдаачдад олгож байсан.
-Шаазан урлагийн технологи “Торгоны зам”-аар дамжиж, бусад оронд хөгжсөн юм уу?
-Торгоны замаар дамжин Хятадын шаазан эдлэл Өрнө, Европт очсон байдаг. Нөгөө талаар Юан улсын үед монголчууд Ойрхи дорнодын шаазангийн урлагийн арга технологийг Хятадын шаазан урлагтай нийлүүлж өвөрмөц хөх өнгө, хөх цэцэг бүхий шаазангуудыг бий болгосон. Монголчууд Юан улсын үед Өрнө, Дорно, Ойрхи дорнодыг холбосон шаазан урлагийн хөгжилд шинэ технологийг бий болгож, их нөлөөлсөн ард түмэн юм. Гэхдээ Өрнө дахинд шаазангийн урлагийг түгээж хүргэхэд энхжингийн цаг үед монголчуудад тэр бололцоо нээгдэж байжээ.
-Тэгвэл шаазан урлагийг хятадууд анх урлаж байсан ч Юан улсын үед монголчууд дэлхийд түгээхэд нь том нөлөө үзүүлсэн гавъяатай юмаа даа?
-Шаазангийн урлалыг Өрнө, Дорнодод хөгжих эхлэлийн нөхцөлийг монголчууд бүрдүүлсэн гэж эх сурвалжуудад байна. Худалдаачдын Өрнө, Дорныг холбосон худалдааны "Торгоны зам"-ын гол төв болж байж.
-Та шаазан тавганы үзэсэглэнд тавигдсан тавганы талаар сэтгэгдлээ хэлээч?
-Хятадуудын гар аргаар нарийн технологи ашиглаж урласан шаазан тавганд олон өнгө орсон байдаг. Манай сургуулийн эрдэмтэн багш нарын сонирхуулсан шаазан тавганы үзэсгэлэнд Өрнө, Дорнын уламжлалт болон орчин цагийн урлагийг тусгасан бүтээлүүд тавигдсан. Ер нь нөгөө талаас тавганы урлаг бол бэлэг дурсгалын нэгэн том төрөл болжээ. Улс, хот, байгууллагууд, хамт олон өөрсдийн онцлогоо илэрхийлсэн тавганы урлагийг хөгжүүлж байна. Жишээ, нь 12 жилийг харуулсан тавга ч байна.
Уншигч танд сонирхуулахад Өвөрмонголын http://www.solongonews.mn/content/read/2288.htm сайтад М.Банди Хятадын шаазан урлагийн түүхэн хөгжлийн талаар онцолжээ. Түүнээс товчлон дурдвал,
Юань гүрний үед Жиньдэжэнь үргэлжлэн хөгжсөөр улмаар их эзэн Хубилайн Жиюань арван тавдугаар он буюу 1278 онд хаан төр энэ нутгийн байгаль, газарзүйн онцгой нөхцөлийг олж хараад Их Юань гүрний цорын ганц албан ёсны шаазан үйлдвэрийн бүтэц болох Фүлян шаазангийн хэлтсийг байгуулсан ба тэр цагаас хойш Жиньдэжэнь эд материал хийгээд хүн хүчний асар том базтай болсон тул үйлдвэрлэлийн өртгийг тооцолгүй, уран нарийн шинэлэг загвар хийцийг л эрэлхийлэх болсноор Юань улсын хамгийн боловсронгуй хөх цэцэгт шаазангууд төрөн гарч эхэлсэн юм.
Юань гүрний үеийн хөх цэцэгт шаазан нь болор мэт тунгалаг гэрэлтсэн шилэн гадаргуутайгаас гадна нарийн тансаг хөх өнгөтэй хээ хуартай. Түүнийг амжилттай гаргаж авсан нь Хятадын газар газрын уналтад орсон шаазангийн үйлдвэрлэлийг сэргээн хурдатгаж, Жиньдэжэньгийн шаазангийн үйлдвэрийн суурийг тавьж, улмаар Хятадын шаазан эдлэлд хоёр мянга гаруй жилийн туршид дангаар зонхилж байсан хашийн цагаан өнгийг халсан.
Чин гүрний үеийн хараа булаам, гэрэлтсэн өнгөт хөх цэцэгт нь шаазан үйлдвэрлэлд зонхилох байр суурь эзэлж, хаан эзнээс эхлээд харц ардын дунд ч өргөн дэлгэрээд зогсохгүй нэр алдар нь дэлхий дахинаа дуурсагдах болсон ба гар урлалын технологи, зураг урлагийн түвшин, үйлдвэрлэлийн гарц гээд бүхий л талаараа дэлхийд дахин шинэ амжилтыг тогтоосон юм. Гэсэн ч Чин гүрний үед хөх цэцэгтийн соёлын хөгжил бууралт, өөрчлөлт хувьслын зөрүү хамгийн хүчтэй байсан юм. Энх-Амгалангийн үед хөх цэцэгт шаазан урлагийн өндөр түвшинд хүрч, байюү /цагаан шилэн будагт/, жянтай /цардсан гадарт/, яньжизы /улаан хүрэн будагт/ зэрэг шинэ төрлийн хөх цэцэгт шаазангууд бий болсон.
Б.Баярмаа
СЭТГЭГДЭЛ