
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас 2017 оныг “Автотээврийн менежментийг сайжруулах жил” болгон зарласан. Үүний үр дүнд тус үйлдвэрийн газар энэ жилийн эхний улирлын байдлаар төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ. Энэ талаар Автотээврийн үндэсний төвийн Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга Я.Оюунсүрэнтэй ярилцлаа.
-Автотээврийн үндэсний төвөөс энэ жилийг “Автотээврийн менежментийг сайжруулах жил” болгон зарласан. Тус ажлын хүрээнд ямар ажлуудыг хэрхэн зохион байгуулж байна вэ?
-Энэ ажлын хүрээнд манай үйлдвэрийн газраас олон ажлыг амжилттай зохион байгуулж байгаа цаашид ч нэлээдгүй ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Томилогдоод удаагүй байгаа манай шинэ удирдлагын баг хамгийн түрүүнд тээврийн менежмент тодруулбал тээврийг зөв удирдан зохион байгуулахад гол анхаарлаа хандуулж байна. Манай байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл нь техникийн хяналтын үзлэг болон улс, хот хоорондын тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулан, зохион байгуулах ажил бөгөөд энэ хүрээнд улс хоорондын ачаа тээвэрлэлтийн болон зорчигчдийн аюулгүй байдлыг хангах асуудал дээр онцгой анхаарч ажиллаж эхлээд байна. Манай байгууллага нь төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар учир төсвөөс ямар нэгэн татаас, санхүүжилт авдаггүй өөрийн орлогоос санхүүждэг. Иймд манай хэлтсийн хувьд орлогыг зөв төлөвлөх, зардлыг бууруулах нягтлан бодох бүртгэлийг холбогдох хууль журам стандартын дагуу зөв удирдан зохион байгуулж, ашигтай ажиллах нь бидний үүрэг юм.
-Тэгвэл эдийн засгийн үр ашгийг дээшлүүлхийн тулд юун дээр илүү анхааран ажилласан бэ?
Манай төв нь улсын хэмжээнд 29 салбар, нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, түргэн шуурхай үйлчлэх нь бидний зорилго. Энэ зорилгыг ханган биелүүлэхээр манай хэлтэс 2017 онд Эдийн засгийн үзүүлэлт, зорилтот түвшин, бизнесийн төлөвлөгөөг судалгаа тооцоотой, оновчтой байдлаар төлөвлөсөн.
Энэ онд бүтээн байгуулалтын чиглэлийн ажилд түлхүү анхаарч, олон жил засвар хийгээгүй, хуучирсан барилгуудад засвар хийж, стандартын дагуу болгох, мөн шинээр барилга байгууламж барихад ихээхэн ач холбогдол өгч, төсөл хөтөлбөр гарган хөрөнгө оруулалтын чиглэлийн ажлуудыг хийж эхлүүлсэн. Мөн орлого зардлаа зөв төлөвлөж, тэвчиж болох бүхий л зардлаа, санхүүгийн сахилга бат, хяналтыг сайжруулахыг гол зорилтоо болгон ажилласнаар эхний үр дүн харагдаж эхлээд байна.
- Тэгвэл орон нутгийн төвүүдэд хэрхэн анхаарч байна, бүтээн байгуулалтын тал дээр ямар ажил өрнүүлж байна?
- Автотээврийн салбарт 2017 онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд зорчигч тээврийн автовокзал, мөн Архангай, Хэнтий аймгуудад “Зорчигч тээврийн төв” болон “Техникийн хяналтын үзлэгийн төв” -ийн барилгыг барихаар төлөвөлсөнөөс одоогийн байдлаар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд зорчигч тээврийн автовокзалын барилга угсралтын ажил эхэлсэн, Хэнтий аймагт Зорчигч тээврийн төв болон Техникийн хяналтын үзлэгийн төвийн барилгыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, барилгын шавыг тавих гэж байна.
Орон нутагт техникийн хяналтыг зөв зохистой зохион байгуулах зайлшгүй шаардлагатай тул түүнийг хэрэгжүүлэгч салбаруудын ажиллах нөхцөлд онцгой анхаарах шаардлагатай. Гэхдээ зарим барилгыг барихдаа өөрийн байгууллагад санхүүгийн хүндрэл учруулахгүй байхаар тооцож, концессийн гэрээ, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээгээр хувийн аж ахуйн нэгжээр бариулаад төлбөрийг нь үе шаттайгаар хийхээр мөнгөн урсгалын төлөвлөгөөг гарган ажиллаж байна.
-Танайх аж ахуйн тооцоот байгууллага, улсаас төлөвлөгөө өгсөн байх. Энэ төлөвлөгөөг хэрхэн биелүүлж байна?
Манай байгууллага 2017 оныг Тээврийн менежментийг сайжруулах жил болгон зарлаж энэ хүрээнд олон шинэ ажил санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Энэ жилийн хувьд бид шинээр Баян-Өлгий – Карганда, Дорнод –Манжуур гэх улс хот хоорондын байнгын зорчигч тээврийн чиглэлийг нээсэн. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд шинэ салбар нээж иргэдэд төрийн үйлчилгээг улам ойртуулан ажиллаж байна. Бас нэг томоохон зүйл нь 12 жилийн турш өөрчлөгдөөгүй техникийн хяналтын үзлэгийн тарифын тооцоо судалгааг гаргаж өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулж ажилласан явдал. Үүнтэй холбоотойгоор техникийн хяналтын үзлэгийн чанар, иргэдэд хүргэх үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх, ажлын гүйцэтгэл үр дүнд анхаарч, удирдлагын менежментийг сайжруулсан зэрэг нь эдийн засгийн хувьд үр өгөөжөө өгч эхлээд байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас баримталж буй бодлого, зорилтын хүрээнд санхүүг зөв удирдан зохион байгуулсантай холбоотой.Иймд 2016 оны I улиралд бид алдагдалтай ажиллаж байсан бол 2017 оны I улиралд ашигтай ажиллаж орлогын төлөвлөгөөгөө 120 хувиар давуулан биелүүлээд байна.
Б.Анир
Эхсур:zaluu.com
СЭТГЭГДЭЛ