
Ингэж гарчигласны учрийг хүн бүхэн дор бүрнээ таамаглах нь лавтай. Бид цагаан сараар амар мэнд давсанаа бэлэгшээхээсээ илүүтэй эд материал, дээл хувцас, хөөрөг ууцаараа хоорондоо уралддаг. Өөрөөр хэлбэл цагаан сар “Өрсөлдөөний ” баяр юм. Чамин загвартай дээл, хувцас, торго дурдангаар гоёж хүний нүдэнд сайхан харагдахын тулд хамаг юмаа ломбардахаас ч буцдаггүй. Энэ бол Монголын нийгмийн бодит дүр зураг. Ахмадууд нь тэтгэвэрийн зээл авч залуус нь цалингийн зээл авна. Өр зээлээрээ баяр тэмдэглэх дуртай болсон гэхэд ч буруудахгүй биз. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжие гэдэг ч жил бүр хоёр их наяд төгрөгийг Эрээнд хандивлачихдаг. Улаанбаатраа биш харь улсын жижиг хотыг жилээс жилд хөгжүүлэн цэцэглүүлж буй бахархмаар хандивлагч иргэд юм. Өнөөх материалист баяр маань хаяанд ирж өмнөх жишгээрээ л бэлгээ сонгож дээл хунараараа уралдах нь эргэлзээгүй болсон бололтой.
Н.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ