
Бидний амьдралыг орооцолдсон олон утаснууд холбож магадгүй өнөөдрийн сэдэл, үйлдэл бүрээ тэрхүү утаснуудаас л олж авдаг гэлтэй. Орооцолдсон олон утаснууд биднийг дэлхий гэх гайхамшигт том ертөнцийг үзэж харж, судалж биширэхэд зориулагдсан мэт. Өдөр бүр цаг минут тутамд бидний амьдралын хэв маяг өөрчлөгдөн шинэчлэгдэж хүн гэх учир шалтгааныг үгүйсгэх байдалд ч хүрэх аж. Сэтгэхүйтэй хүн бүр л болсон болоогүй хов жив болохгүй бүтэхгүйн тухай жиргэнэ. Гэхдээ миний нүдээр нийгэмд болохгүйгээс болж бүтэх нь давамгайлж харагдах аж. Хийж бүтээж, сэтгэж байгаа нэгнээ шүүмжилэн аль болох өөнтөглөн жиргэцгээнэ. Их хотын өнцөг булан бүрээс өнөөх өөнтөглөлтийг нь дэмжин сайшаана. Бидний нийслэл 1.314.000 хүн амтай метрополитан хотын зиндаанд хүрсэн хэрнээ бидний үзэл бодлын түвшин үүнийг доголдуулахад хүргээд байгаа юм шиг санагдана. Жиргэх бүртээ хамаг муу бүхнийг нь түүж авчираад шүүн тунгаах ажээ. Түүнийг нь дэмжсэн сэтгэгдлийг нь үзвэл олуулаа бүлэглэн нийлж ганцхан хүнийг газар дор ортол нь элдэв янзаар нь хэлж олуулаа хэлэлцэн шүүх нь юутай харамсалтай. Бид чинь Ардчилсан нийгэмд амьдарч аж төрж буй болохоос биш Грек, Ромын үеийнх шиг нийгэмд аж төрөөгүй шүү дээ. Ардчилсан нийгмийн гол давуу тал нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэдэг ч элдэв янзын оролдлогоор ямар нэгэн зүйлд ханддаг нэгнээ л үзэж чадахаа байчихаж. Дэлхийн ардчилсан нийгэмд амьдарч буй улсуудын иргэд ч ийм үйлдэл гаргадаг л байх. Үүнийг үгүйсгэхгүй ч бид чинь гуравхан саяуулаа гэдгийг л ухаарах хэрэгтэй. Сэтгэж чадаж байгаа нэгнээ дэмжиж, оролдлого бүрийг нь дэмнэхэд бидний цахим ертөнц дэх хандлага маш чухал. Үнэхээр болж бүтэхгүй байгааг нь шүүж тунгаая. Гэхдээ цэнзүүртэйгээр тунгаавал учиртай. Хүн гэдэг сэтгэлийн амьтан гэдэг шиг Монголчууд бид цөөхүүлээ бид л нэгнээ хайрлахгүй бол хэн ч бидний өмнөөс өмөлзөхгүй. Тиймээс жиргэх бүртээ нэгнийхээ өөг олж өөнтөглөхгүй сайныг нь харж дэмнэж магтая.Тэгэж байж бидний үзэл бодол гэгээрэх бололтой. Энэхүү нийтлэлээр нийгмийг гэгээр гэхгүй. Ийм зүйл бичиж суувал хэн нэгний хөх инээдийг хүргэх биз. Хүн бүр зөв зүйл хийх албагүй ч хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ эзэн болж байвал хэнд ч падлийгүй. Гагцхүү бид өөрсдийнхөө жиргээг л анзаарах нь чухал. Таны сэтгэлгээг шүүмжилэн жиргэж буй хүний тань үйлдэл давж байна уу? үүнийг сайн бодолцоод үзээрэй. Хэрэв тухайн хүний сэтгэлгээг давахгүй байвал та үнэхээр их хотын атаархуу жиргээч аж. Бичих үг бүрээ мэдэж бичих нь заримдаа таны мунхаглалыг бусдаас нуун далдлах нь нэн сайшаалтай.
Н.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ